Монголын хамгийн өргөн дэд бүтэцтэй банк бус санхүүгийн байгууллага Бэрс Финанс 10 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ны анхдагч зах зээлийн арилжааны захиалгаа эхлүүлж, Монголын Хөрөнгийн Бирж дээр цан цохилоо. БЭРС ХБҮЦ-ыг гаргахад андеррайтераар “Мандал Капитал Маркетс ҮЦК” ХХК ажиллажээ.
Энэхүү Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь БЭРС-ээр олгогдсон автомашины хамгийн чанартай зээлийн багцаар баталгаажжээ.
Тогтмол өгөөж, таатай нөхцөл, өндөр хяналтын тогтолцоо, татвар бага, хүссэн үедээ зарах боломжтой гээд олон давуу талтай. Үүгээр зогсохгүй хөрөнгө оруулагчдад ямар нэгэн шаардлага тавихгүй, хүн бүрд нээлттэйгээр санал болгож буй нь олон хүнийг хөрөнгийн зах зээлд татан оролцуулах боломжийг бүрдүүлж өгч буй юм.
БЭРС ХБҮЦ нь 2022 оны наймдугаар сарын 25-31-ны өдрийн 5 цаг хүртэл арилжаалагдах бөгөөд энэ өдрүүдэд бүх брокерын аппликэйшнээр дамжуулан захиалга өгөх боломжтой.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны нөхцөл:
Нэгжийн нэрлэсэн үнэ: ₮100,000
Хүү: жилийн 16.8% (улирал тутам төлөгдөнө)
Хугацаа: 24 сар
Хүүний татвар: 5%
Үндсэн хүүний төлөлт: Анхдагч зах зээлийн арилжаа хаагдсанаас хойш 12 дахь сард 50%, хугацааны эцэст 50%-ийн төлөлт хийгдэнэ.
"БЭРС ФИНАНС"-ийн Гүйцэтгэх захирал С.Отгонбат "Мэддэг компанийнхаа хөрөнгө оруулагч байх боломжийг олгож байгаа Бэрс ХБҮЦ нь Монгол банкны бодлоготой уялдсан, бүх эрсдэлийг хянуулсан, үйл ажиллагаагаараа баталгаажсан бүтээгдэхүүнийг санал болгож байгаа нь хөрөнгө оруулагч нарт өндөр өгөөжөөр үндсэн мөнгөө өсгөөд авах ховорхон боломжийг нээж өгч байгаа юм.” гэв.
“Мандал Капитал Маркетс ҮЦК”-ийн Гүйцэтгэх захирал Б.Батхишиг "Андеррайтерийн хувьд хөрөнгө оруулагчдад найдвартай бүтээгдэхүүн санал болгож, тэдгээрийн итгэлийг даах нь хамгаас чухал байдаг. Иймд “Мандал Капитал Маркетс ҮЦК” нь судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр хүн бүрд тогтмол өгөөж хүртэх боломжийг нээх хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг танд санал болгож байгаадаа баяртай байна.
Бид “Skin in the game” буюу бусад хөрөнгө оруулагчдын адилаар өөрсдөө ч мөн Бэрс ХБҮЦ-д хөрөнгө оруулж байгаа нь энэхүү бүтээгдэхүүнд итгэж, хөрөнгө оруулагчидтай хамт байгаагийн бодит илрэл юм." гэв.
"МОНГОЛЫН ТОМООХОН ББСБ-ЫН ТӨЛӨӨЛӨЛ БОЛОХ БЭРС ФИНАНС МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР БҮТЭЭГДЭХҮҮН ГАРГАЖ БУЙ НЬ ЧУХАЛ ҮЙЛ ЯВДАЛ"
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал "Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд өнгөрөгч онд зах зээлийн хөгжлийн суурь үзүүлэлтүүд өсөхийн зэрэгцээ энэ зах зээлд итгэх иргэд, аж ахуйн нэгжүүдийн итгэлцэл, оролцох оролцоо эрс нэмэгдсэн. Түүнчлэн сүүлийн жилүүдэд компаниудаас хөрөнгийн зах зээлийн уламжлалт бүтээгдэхүүнүүдээс гадна хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх гаргах замаар олон нийтээс санхүүжилт татах үйл ажиллагаа ч идэвхжиж байна." гэв.